Монголчуудын билгийн тооллоор тэмдэглэдэг шинэ жил болох цагаан сарыг 13 дугаар зуунаас хойш одоог хүртэл тэмдэглэж ирсэн. Хүүхэд багачуудын хүслэн болсон шинэ жилд Дашдоржийн Нацагдорж маш том хувь нэмэр оруулсан гэж хэлж болно.
Одоогоос 94 жилийн тэртээ Германд хамт суралцаж байсан Д.Намдаг, Н.Наваан-Юндэн зэрэг хэсэг нөхдийн хамт Монголд оргилуун дарс буудуулан шинэ жилийн баярыг анх тэмдэглэж байжээ.Гэвч шинэ жилийг Европ маягаар тэмдэглэснээсээ болж их зохиолч Д.Нацагдорж дөрвөн сар гаруй хугацаанд хоригдож, нэг жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн гэдэг. Үүнээс хойш 12 жилийн дараа ЗХУ-д шинэ жилийн баярт оролцоод ирсэн МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга С.Лувсангийн санаачилгаар 1943 онд Монгол Улс анх удаа албан ёсоор шинэ жилийг тэмдэглэсэн юм.
Өөр нэгэн сонирхолтой мэдээлэл бол хамгийн анхны өвлийн өвөө 1947 онд анх айлчилж байжээ. Өвлийн өвгөний дүрд МУ-ын Ардын жүжигчин Г.Гомбосүрэн 28 настай байхдаа тоглосон гэдэг. Түүнээс хойш тасралтгүй 50 гаруй жил өвлийн өвгөний дүрд хувирч үе үеийн хүүхдүүдэд баргил сайхан хоолойгоороо мэндчилгээ дэвшүүлэн амтат бэлэг, аз жаргалын хамт түгээсээр иржээ. Монгол өвлийн өвгөний хувцас цагаан өнгөтэй байдаг нь ариун цагаан сэтгэл, уужим саруул ухаан, амар амгалан байдлыг илтгэдэг. Харин цагаан сахал нь урт удаан наслахыг бэлгэддэг юм байна. Мөн монгол өвлийн өвөөгийн малгайн орой улаан сампин зангилаатай байдаг нь улаан залаат Монголчуудыг илтгэдэг аж.